Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • friendship@sab.edu.mn
  • 976-70373737

Да-Ба 09:00-18:00

Найрамдал төсөлийн тухай

Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй ,тогтвортой өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “НАЙРАМДАЛ” төслийг Европын Холбооны  EuropeAid/171273/DH/ACT/ Multi-2 Орон нутгийн засаглал:Тогтвортой хотуудын түншлэл 2021 төслийн саналын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар (Үндсэн өргөдөл гаргагч),ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль (Хамтран өргөдөл гаргагч) болон Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум  (Хамтран өргөдөл гаргагч) нар хамтран өргөдөл гаргаж, Дархан-Уул аймагт 2022 оны 2 сарын 1-ээс 2025 оны 1сарын 31-ны хооронд 36 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр эхлээд байна.Европын Холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх; иргэдийн оролцоот засаглалыг бий болгох, бэхжүүлэх; Европ-Дарханы инновац, энтрепренершип төвийг байгуулах; ус, хог хаягдал, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хотын ногоон хөгжил болон нийгэм, мэдээллийн технологийн  энтрепренершипийг дэмжсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн 4 зорилтын хүрээнд НАЙРАМДАЛ төсөл хэрэгжих юм.Төслийн үр дүнд Дархан-Уул аймагт цахим засаглал хөгжиж, засаглалын бодлого боловсруулалтад иргэдийн оролцоо нэмэгдэж төрийн үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ.Төрийн албан хаагчид, удирдлагуудыг чадавхжуулснаар төрийн үйлчилгээг шударга, тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ.Энтрепренершип, ажлын байрны тоо нэмэгдэнэ. Мөн ухаалаг, ногоон хөгжлийг дэмжсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэн аж ахуй нэгж байгууллагуудын санхүүгийн чадавх сайжрах юм. 

Найрамдал төслийн зорилго

Хамтын ажиллагааны олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар Дархан-Уул аймаг, Дархан хотын нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжиж, Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. 

Найрамдал төслийн зорилтууд 

Зорилт 1: Хамтын ажиллагаа 

  • Дархан-Европын бүс нутгийн форум байгуулах (ДЕФ) -Хамтын ажиллагааны уулзалт (6)
  • Тэргүүн туршлага солилцох форум (12)
  • Туршлага судлах айлчлал & солилцооны хөтөлбөр (4) 

Зорилт 2: Иргэдийн оролцоот засаглал 

  • Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт хийх (6)
  • Дархан Форум байгуулах, Дархан-Уул аймгийн удирдах ажилтан, иргэдийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулах (10)
  • Ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих цахим засаглалын нэгдсэн платформ бий болгох (1)
  • Дархан Форумыг сурталчлан таниулах, иргэд олон нийтэд чиглэсэн арга хэмжээ болон нөлөөллийн аян зохион байгуулах (3) 

Зорилт 3: Европ-Дарханы Инновац, Энтрепренершип Төв 

  • Нийгэм, технологийн салбарын энтрепренерүүдэд зориулсан ерөнхий болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх (10)
  • Энтрепренерүүдэд гарааны хөрөнгө оруулалт, техникийн дэмжлэг үзүүлэх (10)
  • Шилдэг энтрепренерийг шалгаруулах (1)
  • Вэбсайт болон маркетинг хөгжүүлэлтийн платформ бий болгох (1)
  • Европын Холбооны улсад энтрепренерүүдийн албан айлчлал зохион байгуулах (2) 

Зорилт 4: Зорилтот төслүүд 

  • Ус, хог хаягдал, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, хотын ногоон хөгжлийг дэмжсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх (3)
  • Нийгмийн хөгжил болон мэдээллийн технологид суурилсан энтрепренершипийг дэмжсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх (3) 

 

Ногоон алсын хараа 2050

1. Сайн засаглал 

2. Ногоон хөгжил  

3. Бүс нутгийн хөгжил  

4. Хүний хөгжил  

5. Дундаж давхаргын амьдралын чанар 

НАЙРАМДАЛ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

          Ядуурлыг устгах

 

          Чанартай боловсролыг дэмжих

 

          Жендерийн эрх тэгш байдлыг хангах

 

          Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

 

          Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

 

          Эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөрийг дэмжих

 

          Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх

 

          Тэгш бус байдлыг бууруулах

 

          Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

 

          Хариуцлагатай хэрэглээг дэмжих

 

          Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

 

          Хуурай газрын экосистемийг хамгаалах

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛДБААТАРЫН АЗЖАРГАЛ

Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч хөгжлийн чиг баримжаагаа болгож байгаа энэ цаг үед “Найрамдал”-аар овоглосон манай хотод олон улсын хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудас нээгдэж байна.  

Монгол Улс - Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх “Найрамдал” төсөл Дархан бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготойгоор 3 жилийн хугацаанд хэрэгжихээр эхэлж байна.  

“Дархан ХААИС”-ийн профессоруудын санаачлан боловсруулж, аймаг орон нутгийн удирдлагын баг дэмжин хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь цахим засаглалыг хөгжүүлэх замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, инновацад суурилсан бизнес эрхлэлтийг дэмжих, тэгш хүртээмжтэй, тогтвортой ногоон эдийн засгийн экосистемийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхийн зэрэгцээ тодорхой салбаруудад зорилтот төслүүд хэрэгжүүлнэ.  Төслийн хүрээнд байгуулагдаж байгаа Дархан-Европын бүс нутгийн форум, Европ-Дарханы инновац, энтрепренершип төв нь төсөл хэрэгжиж дууссаны дараа нэгэнт бий болсон хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээн ажиллана.  Бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах энэ томоохон хэмжээний төсөл нь засгийн газар хоорондын хэлэлцээний замаар бус нийгмийн институциудын санаачилгаар орон нутагт анх удаагаа хэрэгжиж байгаагаараа онцлог бөгөөд бидний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.  Төсөл хэрэгжүүлэгч болон оролцогч талуудад ажлын амжилт хүсэхийн ялдамд бүс нутгуудын цаашдын найрамдалт хамтын ажиллагаа улам бүр хөгжин дэвшихийн ерөөл дэвшүүлье. 

ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АКСЕЛ НИКАЙСЕ

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан, хүмүүнлэг нийгэм, зах зээлийн эдийн засгийг цогцлоох зорилгын дор нягт хамтран ажиллаж ирлээ. Бидний хамтын ажиллагаа шинэ агуулга үнэ цэнээр улам баяжигдсаар байна. 

2017 онд Европын Холбооны төлөөлөгчийн газар нээгдсэн нь энэ үйл явцад чухал нөлөө үзүүлсний зэрэгцээ 2021-2027 онуудад хамтын түншлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг (1) тогтвортой ногоон хөгжил, (2) ардчилал, эдийн засгийн хөгжил гэж тодорхойлоод байна. Дархан бүс нутагт хэрэгжиж эхлээд байгаа НАЙРАМДАЛ төсөл орон нутгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг тал, тэгш хүртээмжтэй байдал, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ Европын Холбоо-Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.  Төсөл амжилттай хэрэгжсэнээр улс төдийгүй хотууд сайн туршлагаа солилцож харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж илүү бий болно. Энэ төслийн зорилго, үр дүн олон нийтийн оролцоот засаглалыг орон нутагт бэхжүүлэх, нийгмийн хүртээмж, тогтвортой байдал, ногоон хөгжил, инновацыг сайжруулахад чиглэгдэж байна.  Тус төсөл нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ ногоон хэлэлцээр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цахим шилжилт хийх зэрэг Европын Холбооны хамтын ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлс, тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулж байна. Ингэснээр Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс хотуудын түншлэлд хэрхэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж буйд үнэлгээ хийх ажилд Монгол Улсыг хамруулах боломжтой болох юм. Энэхүү төслийн гарааны төлөвлөлт үнэлгээний тайланд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд стратегийн ач холбогдолтой төслүүдийг санаачлан, хэрэгжүүлэхийн тулд Дархан болон Дархан бүс нутгийн аж ахуйн нэгж, компаниудтай түншлэн хамтран ажиллахад хэрэгтэй мэдээллийг тусгасан байна. 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨСЛИЙН НЭГЖ Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, Төслийн захирал Тогтохсайханы Тулгаа

Дархан-Уул аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сумтай бөгөөд Дархан хотод Дархан-Уул аймгийн нийт хүн амын 83,5 хувь буюу 86,000 гаруй хүн ам амьдардаг. Дархан сумын засаг дарга миний бие төсөл хэрэгжүүлэгч аймгийн ЗДТГ-ын багийг ахалж байна. Манай багт төслийн техникийн зөвлөх, бодлогын мэргэжилтэн, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн, хамтын ажиллагааны мэргэжилтэн болон төслийн туслах ажилтан ажиллаж байна.  

Дархан-Уул аймгийн ЗДТГ нь төслийн гол санаачлагч бөгөөд төслийг нэгдсэн удирдлагаар хангахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн стратегийг оновчтой тодорхойлох, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, үр ашигтай хүргэх үндсэн үүрэг хүлээнэ. Мөн Европын Холбоо-Дархан хотын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, төслийн бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.  

Энэхүү төсөл нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд тулгамдсан асуудлыг үе шаттай шийдэхэд хувь нэмрээ оруулахаас гадна Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлж, төвлөрлийг сааруулах бодлого”, орон нутгийн хэмжээнд Дархан-Уул аймгийг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Ухаалаг Дархан” хөтөлбөр, байгаль орчин нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн дунд хугацааны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, “Дархан-Уул аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдан хэрэгжих юм. Дархан бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн оролцоотой цахим засаглалыг сайжруулах, Дархан хотоо ухаалаг, ногоон хөгжлийн үзэл баримтлалаар хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа манай төслийн баг бахархал дүүрэн байна. 

ЗҮҮН ӨМНӨД ЕВРОПЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН КОНСОРЦИУМ (ЗӨЕНУК) ЗӨЕНУК-ын гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Келмэнд Заяажи

Миний бие 2007 оноос хойш ЗӨЕНУК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Үүнээс өмнө Умард Македонийн Эрүүл мэндийн яам, Скопье дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн орон нутгийн засаг захиргааны шинэчлэл хөтөлбөр, DAI-тай хамтарсан Ардчилсан холбооны хөтөлбөр болон Тогтвортой нийгэмлэгүүдийн институтэд ажиллаж байсан.  

Би эмчийн мэргэжилтэйн зэрэгцээ АНУ-ын Питсбургийн их сургуульд төрийн бодлого, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.  

“НАЙРАМДАЛ” төслийг хэрэгжүүлэх манай багт ажлын арвин туршлагатай Йоаким Рот, Елена Жаневска болон манай консорциумын хэрэг эрхлэх газар, холбоодын зарим төлөөлөл хамтран ажиллана.  

ЗӨЕНУК нь Зүүн Өмнөд Европын 12 орны 80 сая иргэдээс сонгогдсон засаг захиргааны 5000 гаруй нэгжийг төлөөлдөг үндэсний болон бүс нутгийн 14 засаг захиргааны байгууллагын холбоо юм. Бид Зүүн Өмнөд Европын орнуудын нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бүхий шинэлэг, шийдэлд суурилсан ухаалаг, тэгш хүртээмжтэй, тогтвортой бүс нутгийг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ардчилал, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.  

НАЙРАМДАЛ төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХААИС-ийн Дархан дахь салбар сургуультай хамтран ажиллах болсондоо бид маш их баяртай байна. Өнөөгийн хотуудад тулгамддаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх талаар мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна та бүхнээс нэлээдгүй суралцана гэдэгтээ итгэлтэй байна. Төслийн хүрээнд зохион байгуулагдах олон талт үйл ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн удирдлага, төрийн албан хаагчдад туршлага хуримтлуулах, сурсан зүйлээ эргэцүүлэх, цаашид түгээн дэлгэрүүлэх өргөн боломж нээгдэх болно. 

ХААИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, төслийн удирдагч, ЕДИЭТөвийн захирал Пунцагнамжилийн Мэнд-Амгалан

Манай сургууль газар тариалангийн үйлдвэрлэл, хүрээлэн буй орчин судлал, газар зохион байгуулалт, бизнес удирдлага, ХАА-н механикжуулалт, ус-цаг уур судлалын чиглэлээр 50 гаруй жил мэргэжилтэн бэлтгэж байгаа эрдэм шинжилгээ- сургалт үйлдвэрлэлийн хосолмол тогтолцоо бүхий 3 удаа магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. Миний бие тус сургуульд 1995 оноос эхлэн багш, тэнхимийн эрхлэгч, сургалт эрхэлсэн дэд захирал, захирлын ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016-2020 онд БНСУ-ын Инчёоны их сургуульд хүрээлэн буй орчны чиглэлээр суралцаж докторын зэрэг хамгаалсан. Миний судалгааны ажил хог хаягдлын дахин боловсруулалт түүний менежментийг зохистой явуулахад чиглэгддэг.  

2021 онд манай сургуулийн профессорын баг Дархан хотын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө (2022-2032 он) боловсруулж батлуулсан. Уг төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд болон Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр зэрэгт хувь нэмрээ оруулахад төр, олон нийт, ААН, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын бүхий л байгууллагууд, өрх гэр, иргэн бүрийн хамтын оролцоо зайлшгүй чухал бөгөөд нэлээд хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.  

Эдийн засаг санхүүгийн энэ хүндрэлтэй үед уг асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нэн чухал. Ирээдүйд Дархан хотоо амьдралын чанарыг эрхэмлэсэн ухаалаг ногоон хот болгохын тулд өнгөрсөн туршлагадаа тулгуурлан өнөөдрийн хөгжлийн эхлэлээ зөв тавих ёстой. Энэ зорилгын хүрээнд манай сургуулийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан төсөл "Европын Холбооны орон нутгийн засаглал тогтвортой хотуудын түншлэл - 2021" буцалтгүй тусламжийн тэтгэлэгт шалгарч бодит биеллээ олж байгаад туйлын баяртай байна.  

Бид НАЙРАМДАЛ төслийг нутгийн өөрөө удирдах байгууллага болон их сургуулийн хамтын ажиллагааг олонд таниулах, Европын Холбооны орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага судлах, суралцах боломж хэмээн үзэж байна. Төслийн сонгон шалгаруулалтын бүх үе шатанд биднийг дэмжиж, хамтран ажиллаж байсан, цаашид хамтран хэрэгжүүлэх бүх оролцогчид талууддаа талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.