2023 оны 11 сарын 20-25
Найрамдал төслийн 6 дахь удаагийн Тэргүүн туршлага солилцох форумыг Монтенегро, Словени улсад зохион байгуулав.
Энэ удаагийн тэргүүн туршлага солилцох форум нь нийгмийн тэгш хүртээмжтэй бодлого, сайн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах арга хэмжээг Дархан-Уул аймагт хэрхэн зохион байгуулж байгаагаа үнэлэх, аймгийн хүүхэд хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ, жижиг дунд бизнесийг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллаагаа, түүний ололттой болон сул талууд, тулгамдаж буй бэрхшээл, даван туулсан арга замын талаар нээлттэй хэлэлцүүлж Европын хотуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагатай харилцан танилцаж тэргүүн туршлага хуваалцав.
Форумд Монгол талаас Монгол улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх, ЗГХЭГ-ийн харьяа Төрийн бүтээмжийн хороо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, харьяа хэлтэс газруудын төлөөллүүд, Найрамдал төслийн ДЕФ-ын гишүүд; Европ талаас Монтенегро улсын Бар хотын захиргааны Европын Холбооны төсөл хөтөлбөрийн алба, Херцог Нова хотын тусгай хэрэгцээт хүүхдийн өдөр өнжүүлэх төв, Улцине хотын захиргааны Европын Холбооны төсөл хөтөлбөрийн алба, ЗӨЕНУК-ын ажлын албаны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Словени улсын Аядовшчина хотын захиргааны ажилтнууд оролцон сайн засаглал, нийгмийн тэгш хүртээмжийн зарчмын дагуу энтрепренершипийг хөгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн цахим үйлчилгээний дэвшлийн талаар хэлэлцэж цаашид хамтран ажиллах боломжийг судлав.
Тэргүүн туршлага солилцох, туршлага судлах айлчлалын үр дүнд Дархан –Уул аймаг болон Монтенегро улсын Бар хот, Словени улсын Аядовшчина хоттой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан ба Дархан хотыг ногоон, тогтвортой, хүртээмжтэй, ухаалаг хот болгоход хувь нэмэр оруулах зорилгоор ухаалаг газар тариалан, тогтвортой аялал жуулчлал, соёл амралт, Төрийн байгууллага, хувийн хэвшил, их сургуулиудын түншлэлийн чиглэлээр хамтарч ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд хотууд иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн шинэ хөтөлбөр хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, хуваалцах олон нийтийн санаачилгаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд ноу-хау дамжуулах боломж бүрдэж байна.
Форумд оролцогчийн тоо: 40-60